Pages

Wednesday, August 23, 2017

Хүн


Ээ дээ хүүхэд хүмүүжүүлж хүн болгоно гэдэг чинь бас л чанга юм байна. Тэс өөр ааш араншинтай охин хүүхдүүд болохоор хувь хүнд нь тохирсон арга хэмжээ авчих санаатай нөхөр бид 2 хичээж л байна.
Томыгоо жоохон загнаж үглэж байж хөдөлгөдөг бол бага маань тайлбарлуулж ойлгуулсан цагт уриалгахан хийнэ шүү дээ. Тэгээд томыгоо багынхаа хажууд загнасан чинь буруудсан шд. Нөгөөх чинь харин эгчийгээ эрт унтахгүй, тоглоомоо хураахгүй яаж байгаа юм гэчихсэн өөрийнхөө хийх юмыг хэлчихсэн загнаж байдаг байгаа. Инээд ч хүрэх шиг, бас маш буруу юм хийснээ ойлгосон. Манай том их дотогшоо, хичнээн их гэмшсэн ч гэсэн тэрийгээ гаргаж чадахгүй, илэрхийлж чадахгүй. Тэр мэдрэмжээ гаргадаг, илэрхийлдэг болчихоосой гэж их хүсэх юм. Ямар сайндаа гэртээ баримталдаг дүрэм зохиосон. Юу гэхээр 2 хүүхдийнхээ алдаа, дутагдал, хийх ёстой зүйлээ хийгээгүй үед эхний 3 удаа зүгээр хэлнэ, сануулна. 4 дэхь удаад загнана. Загнаж байхдаа муухай үгээр орилж хашгирахгүй, яах ёстой байсан бөгөөд яагаад уурласнаа тайлбарлана, бас энийг хийх хэнд хэрэгтэйг байнга хэлээстэй. Эцэст нь ээжийн уурласан зөв үү буруу юу, буруу бол уучлалт гуйж байж дуусдаг юм. Тэгэхгүй бол нэг нь учиргүй загнаад л, нөгөөх нь яагаад загнуулж байгаагаа ойлгохгүй гайхаад хальт гомдоод, тэгээд нэгнийгээ хүндэлж эвлэрч дуусахгүй орхино гэдэг бол байж болохгүй санагддаг. Бас дээр хэлсэнчлэн том охин тэр үед мэдэрсэн бүхнээ ил гаргаж хэлж, тайлбарлах боломжийг нь өгөх, хэлүүлэх гэж тэр л дээ. Том маань эхний 3 удаа дээр инээд алдаад л мартчихаж гээд л, намайг уурлаж учирлаад эхлэнгүүт айдаг юм уу яадаг юм таг дуугай нулимс цийлэгнүүлээд л хамаг юмаа хийгээд гүйнэ. Буруугаа хүлээхдээ уйлаан болно хэхэ. Гэхдээ уйлсан ч гэсэн уучлалтаа гуйгаад би ингэх байсан ч өөрөө ээжийгээ уурлуулж байж буруугаа мэдэрсэн гэж хэлдэг болсон (энэ тайлбарыг өөрөө хэлдэг юм). Харин бага бол уурлах ая янз оров уу үгүй юу гүйж ирээд л миний буруу уучлаарай гээд ёслоод зогсчихно. За тэгвэл тоглоомоо хураа, номнуудаа хураа гэхээр л пижигнэтэл хураана. Ямар ч уйлаан байхгүй. Харин миний буруу биш гэж бодсон үедээ хөдлөхгүй, уучлалт гуйхгүй нам зогсоно. Би ч бас загнахгүй, гуйхгүй зогссон газар нь үлдээгээд явчихна. Бодож, бодож ирээд уучлалт гуйна. Том маань бага байхын зурж бичих дуртай, бага маань дуулж бүжиглэх дуртай. 2 өөр ертөнцтэй харилцах гээд, насны зөрүү ихтэй болохоор хандлагаа дор дор нь өөрчлөх хэрэгтэй болохоор тэвдэх үе бас гарах юмаа. Том маань бүхэл бүтэн бие хүн гэдгээ мэдрээд эхэлсэн, бүхнийг өөрөө шийдэх гээд зүтгээд эхэлсэн. Жилийн өмнө л хийх юмнуудыг нь нэг бүрчлэн заадаг байж, энэ жил адилхан санаад хэлж үзсэн чинь өөдөөс элдэв шалтаг хэлж, өөр юм ярьж эхэлж байна. Охиноосоо зууралдаад байгаагаа ойлгоод бараг шахуу зөнд нь орхиж үзэж байна. Хийх юмаа төлөвлөөд хугацаандаа багтаагаарай л гэлээ. Давгүй шүү, өөрөө хийгээд л, өөрөө зохицуулаад л. Хариуцлагыг өөрт нь үүрүүлсэн хэрэг. Би харин багатайгаа зууралдаад л. Зууралдах хүнгүй байсан бол бас л хямрах шинжтэй. 

2 comments:

  1. yag l adil bgaa yum bna.

    gehdee bi 2uland ni uglene. hehe.

    bagataigaa zuuraldaad l, tomiigoo tegsgeed zund ni orhison, ue ue geriin ajild tusal gej zagnana...

    yamarhuu hun boldog bol gej l sanaa zovoh yum daa, aashtai 2 ohinoo. hehe.

    ReplyDelete
  2. адилхан байнаа, том нь нилээд дотогшоо, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь байтугай өөрөө ч сайн ойлгож ухаарч мэдэхгүй
    дүү нь бол хэлэмгий нүүрэмгий нь дэндсэн, ээжийн реакцийг дор нь уншаад сөрсөн базаа хийгээстэй :р

    Чиний туршлагаас санаа авмаар санагдлаа. Би ч ядарснаа гайхаад томыгоо нилээд ширүүлээд байгаагаа анзаарсан. 3 удаа эвтэйхэн хэлээд 4 дэх дээр нь л загнана гэхдээ чанга дуугарахгүй! хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг эргээд өөрийгөө хүмүүжүүлэх ажил юмаа даа ер нь...

    ReplyDelete